Орог зайг байгалийн элементүүд бүрхсэн хэвээр
Хүн төрөлхтөнд байгалийн элементүүдээр дамжуулан амьдралын амтыг мэдрүүлж, амьдрах хүслийг нь бадраах *Biophilic үзэл баримтлалтай дизайны хэв маяг интерьерийн салбарт хүчтэй нэвтэрч эхэллээ. Иймд мод, сүрэл, керамик болон арьсан эдлэл, чулуу, тасалгааны ургамал гэх мэт элементүүдээс гадна байгалийн зөөлөн өнгө орон зайд зонхилсоор байна. Байгалийн гэх бүхнийг илтгэх дээрх элементүүд нь амар амгаланг дээд зэргээр илтгэхийн зэрэгцээ байгальтай ойр мэт тайтгарлыг олгодог. Тиймээс эдгээрийг интерьертээ заавал багтаахыг зөвлөе.
Бор туяаг гэртээ урихаас бүү татгалз
Интерьер дэх бүх өнгө “дулаарч” буйг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Учир нь илүү гүн дулаан өнгөнүүд интерьерт хүчтэй нэвтэрч байна. Уйтгартай, дүнсгэр мэт боловч бор өнгийн төрөл бүрийн туяа бол тогтвортой, итгэл төрүүлэхүйц сэтгэгдлийг төрүүлэх увдистай. Иймд гүн бор өнгөнөөс ууссан бүх өнгийг ашиглан монохроматик тохижуулснаар минимал, зэн хэв маягийг интерьертээ бүтээж болно. Нэмэлтээр цагаан өнгийн декор, тааран даавуун эдлэл, сүрлэн сүлжмэл, модон тавилга ашиглавал сканди харагдуулах мөн боломжтой.
Биофили гэдэг нь байгалийг хайрлах хэмээх утгатай ба барилга байгууламжийн орон зайд байгалийг шингээх тухай ойлголт юм.
Биофили {Biophilic} Tweet
Дугуй налуу хүрээ

Интерьер дизайн гэдэг зөвхөн биеийн тав тухыг хангаад зогсохгүй харааны ая тухыг цогцлоосон байх шаардлагатай билээ. Өөрөөр хэлбэл, интерьерийн тохижилт нь хүний таван мэдрэхүй буюу хүрэлцэх, сонсох, үнэрлэх, харах мэдрэмжийг цөм баясгах үүрэгтэй юм. Эрхэм та аль болох хурц өнцөгтэй тавилга, хэрэглэл ашиглалгүйгээр орон зайн тэгш хэмийг дугуй налуу хүрээгээр үүсгээрэй. Үүнээс гадна тэвэрч буй мэт нүсэр том буйдан, арьсанд тааламжтай зөөлөн текстур, даавуун нэхмэл материал төгс тохижилтыг бүрдүүлэхэд тань туслах болно.
Цулгуй суурь ба тод өнгийн этгээд декор

Урт хугацаанд үргэлжилсэн пандемик гэртээ илүү таатай амьдрах хүслийг өдөөсөөр буй. Энэ нөлөөллийг дагаад интерьер дизайн ойрын жилүүдэд бүхэлдээ эрх чөлөө, тав тухыг эрхэмлэсэн чиг хандлагатай байхыг экспертүүд таамагласаар байна. Түүнчлэн, бусдаас ялгарах, дахин давтагдашгүй байх эрмэлзэл хүчтэй бий болсон тул этгээд декоруудын эрэлтийг өсгөж байна. Харин тод өнгийн, өвөрмөц хэлбэртэй декор сонгохоосоо өмнө интерьерийн цулгуй суурийг бий болгоорой. Ингэснээр хэт эрээлжилсэн, нүдэнд тааламжгүй, эмх цэгцгүй орчин үүсэхээс сэргийлж чадна.